Залуу дуучин Энхболдын Чулуунчимэгийг МУГЖ Т.Баясгалангийн дууг дуулж
олонд танигдсан гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Удахгүй анхны цомгоо өлгийдөн авах гэж байгаа дуучин бүсгүйн дотоод ертөнцөөр аялж уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
Чулуунчимэг маань хаанахынх вэ?
– Би Өвөрхангай аймагт төрсөн. Тэнд сурч байгаад Дархан-Уул аймаг руу шилжиж арван жилээ төгссөн. Өвөрхангай, Дарханы хүүхэд дээ. СУИС-ийн III курсээсээ ангиа эчнээ ангид шилжүүлж, ХААИС-ийн аялал жуулчлалын ангид элсэж ороод давхар суралцаж байгаа. Одоо 22 настай. СУИС- ийн дуурийн дуулаачийн ангийг энэ жил, ХААИС-аа дараа жил төгсөнө.
Хоёр мэргэжлээр нь сурч байгаа юм байна. Эцсийн сонголт аль нь вэ
-Дуучин болъё гэж зорьж байгаа. Аялал жуулчлалын мэргэжил сонирхолтой санагддаг байсан. Зуныхаа амралтаар англи хэлний курст сурч шалгалтандаа тэнцсэн болохоор орсон юм. Хоёр дуртай мэргэжлээрээ сурч байгаа болохоор сайхан байдаг.
– Урлагийн хүн болохоор сурч байгаа оюутныг нэлээд завгүй байдаг байх гэж бодсон?
– Эхэндээ шинэ оюутан өөр бусад юманд цаг зав гаргаж хөөцөлддөггүй байсан болохоор завтай байлаа. II курсээсээ уран бүтээлээ хийгээд эхэлсэн. Хүн сэтгэл зүрхээрээ зорих юм бол ажил амждаг юм шиг санагддаг.
Сүүлийн үеийн сонин сайхан?
Хамгийн сүүлд МҮОНТ-ээр гарч байгаа "Өдөр өдрийн нар” киноны дууг дуулсан. Энэ кино маань гурван дуутай. Дуучин Ж. Алтанцэцэг, Бичүү бид гурав дууллаа. Миний дуулсан "Эсэн мэндийн бурхан ачтанууд” гэдэг дуу маань Эрүүл мэндийн салбарын сүлд дуу болсон. Үгийг нь Эрүүл мэндийн дэд сайд Цолмонгийн аав Жадамбаа гуай бичиж, Сэр-Од багш маань ая хийсэн. Клип нь өчигдрөөс цацагдаж эхлээд байна.
Анхны цомгоо гаргах гэж байгаа гэсэн. Ямар нэртэй цомог вэ?
– Цомогт маань 15 дуу орж байгаа. 14 нь миний дуулсан шинэ уран бүтээлүүд. 15 дахь дуу нь П.Идэржавхлан ахын тоглолтонд зориулж зургаан залуу дуучин нийлээд "Манай гарагийн залуус” дууг дуулсан. Тэр дуугаа хамгийн төгсгөлд нь орууллаа . "Санаандгүй учирсан дурлал” дууныхаа нэрээр цомгоо нэрлэсэн. Хүмүүс, " Арай урт юм. Өөр нэр өгөхгүй юмуу,” гэхэд нь "Үгүй ээ, миний анхны, тодорхой хэмжээгээр хүний чихэнд хүрчихсэн дуу гээд зөрж байгаад нэрлэсэн.
"Санаандгүй учирсан дурлал” бол миний анхны дуу. Дарханы хөгжмийн зохиолч Б.Баасанхүү ах зохиож өгсөн. Энэ дуу маань тодорхой хэмжээгээр хүмүүст хүрсэн юм шиг мөртлөө намайг тэр болгон мэддэггүй л дээ. МУГЖ Т. Баясгалангийн дуу гэж андуураад байдаг.
Энэ дууг МУГЖ Т.Баясгаланг дуулсан юм биш үү? Хэн нь эхэлж хэн дуулсан юм бэ
–Анх би дуулсан. Хөгжмийн зохиолч Б.Баасанхүү ахад, "Та надад гэгээн хайрын сэдэвтэй дуу зохиогоод өгөөч” гэж санал тавьсан. Анх миний таньдаг хөгжмийн зохиолч гэвэл Баасанхүү ах байлаа. Харьцахад арай ойр. Энэ дууны "Санасангүй, бодсонгүй, зүүдэлсэнгүй” гэдэг хэсэг нь маш их таалагдаж "Би энэ дууг чинь авъя” гээд дуулсан л даа. Яагаад МУГЖ Т.Баясгалантай андуураад байсан гэхээр бид хоёрын хоолойны тембр төстэй юм шиг байгаа юм. Улс тунхагласны баяраар манай СУИС-ийн Т.Сэр-Од багш маань УГЗ шагнал авсан. Тэгээд "Түмэндээ өргөх талархлын цэнгүүн” гээд хит болсон уран бүтээлүүдээсээ бүрдсэн дуунуудаараа тоглолт хийсэн юм. Энэ тоглолтонд Т.Баясгалан хүндэтгэх шалтгаанаар ирж чадахгүй болоод Сэр-Од багш өөрөө санал болгож "Зөвхөн чамдаа” дуугаа надаар дуулуулсан.
Тэгвэл МУГЖ Т.Баясгалангийн зүгээс " Би ирж амжихгүй нь ээ, миний дууг дуулаач ээ” гэж хэлсэн юм байхгүй гэсэн үг үү?
-Т.Баясгалантай тэгж харьцсан юм байхгүй. Ер нь нэг ч удаа уулзаж байгаагүй. Хөгжмийн зохиолч нь зөвшөөрөөд тэр тоглолтонд нэг удаа дуулаад өнгөрсөн. Тэгээд ч би уран бүтээлээ болгоод цааш нь авч яваагүй. Тэр тоглолтын дараа дуулахгүй байсан Т.Баясгалангийн дууг дуулсан болохоор хүмүүст содон туссан байх. "Санаандгүй учирсан дурлал” дууг маань хүртэл Баясгалангийн дуу юм шиг ойлголт гарчихсан. Энэ бол төөрөгдөл.
Энэ талаар хүмүүсийн яриаг сонсоод эмзэглэдэг үү?
-Яахав дээ, уг нь би дуулсан. Хүнд хүрээд, ийм дуу байдаг даа гээд танигдаж байгаа нь шинэ залуу уран бүтээлчийн хувьд баярлууштай. Гэхдээ одоо анхны цомгоо гаргаад энэ дуу чинь миний дуу шүү гээд танилцуулах цаг ирнэ гэж би өөртөө итгэлтэй байсан. Тийм болохоор санаа зовохгүй байгаа.
