Сүүлийн хоёр хоногийн хугацаанд сошиал ертөнцийг "Хоёр эхнэртэй болох хууль"-ийн төслийг тойрсон асуудал эзэгнээд байгаа билээ. Хүн бүхний анхаарлыг татаж чадсан тус сэдэв бодит амьдрал дээр хэр боломжтой вэ? гэдэг асуудал та бүхий толгойд орж ирсэн биз ээ.
Манай улсад хүйсийн тэнцвэрт байдал алдагдсан учир нэг эрэгтэйд нэгээс дээш тооны эмэгтэй ноогдож байна гэх мэдээлэл мөн л олны дунд байдаг. Харин Монголын Статистикийн Мэдээллийн Нэгдсэн Сангаас гаргасан 2017 оны судалгаагаар Монгол улсын хүн амын 1,562,370 нь эрэгтэй, 1,615,529 нь эмэгтэй гэх тооцоо гарсан байна. Тиймээс хүйсийн харьцаа бараг л тэнцүү байгаа гэхэд хилсдэхгүй.
Тэртээ 2016 онд УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болсны дараагаас мөн л энэ сэдэв иргэдийн дунд гарч ирсэн бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа “Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд бод доо” хэмээн жиргэж байсан удаатай.
Харин энэ нь олон нийтийн дунд эрх мэдэлтэй, нөлөө бүхий эрхмүүд хоёр дахь эхнэрийнхээ нэр дээр хөрөнгөө бүртгүүлэх атгаг санаа өвөрлөж тус санааг гаргаж ирсэн гэх хардлага төрж эхэлсэн.
Энэ асуудал 1990 оны үед ч мөн гарч байжээ. Уг хууль батлагдах төвшинд дэмжигдээгүй ч нийт 420 депутатын 144 нь энэ саналыг дэмжсэн байдаг. Тэгэхээр Монгол эрчүүдийн гуравны нэг нь "хоёр эхнэр"-тэй болох "нууцхан мөрөөдөл"-тэй явдаг нь батлагдах шиг.
Сүүлийн жилүүдэд Монгол эрчүүд эмэгтэйчүүддээ гологдож байна гэх мэдээлэл мөн л газар авсан. Үнэн бол тэдгээр эрчүүдэд хоёр эхнэр яахин олдох бил ээ? Ямартаа ч хоёр эхнэртэй болохыг хуулиар зөвшөөрч байхаар гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн этгээдүүдэд хариуцлага тооцох систем бий болгосон нь дээр биз ээ. Өдөрт арваад гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, олон олон бяцхан зүрхийг өнчрүүлж байгаад санаа тавьж амжаагүй байж "хоёр эхнэр"-ийн тухай хуулийг хэлэлцэх нь "даахгүй нохой булуу хураана" гэдгийн үлгэрийг бодитоор биелүүлэх нэгэн үндэс болох биз ээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn


