Аминдаа л хүнээс гуйхгүй, хүний дор орохгүй гэж их хичээж амьдарсан. Хамт амьдардаг ах дүүс маань, хамт олон маань, найзууд маань биднийг яаж амьдарч ирснийг мэднэ, ямар зүйлийн төлөө тэмүүлж зорьж байсныг ч мэднэ.
Мэдээж хамт амьдарч байгаа хүмүүст муудаж сайндах үе өчнөөн л гарч байсан. Анх сууж байхад нөхөрт маань хандан ийм асаргааны хүнтэй суух гэлээ гэж хэлж байсан хүмүүсийн үг ч чихэнд маань сонсогдож байсан. Гэлээ ч бид 2 бие биедээ хайртай байсан учраас зөвхөн урагшаа харж амьдаръя гэж шийдсэн.
Үнэндээ л Монголын нийгэмд бид хоёр шиг өмссөн хувцаснаасаа өөр өмч хөрөнгөгүй хөгжлийн бэрхшээлтэй хосуудад дэндүү хатуу байсан.
Гэхдээ бид чадаж байсан юмаа. Байнга дэмжиж тусалдаг үеэл ах, эгч нар маань байсан учраас бид олон олон асуудлыг давж гарч байсан юм.
Миний ханийг буруу хүнтэйгээ амьдарч байсан учраас ингэж нас барлаа гэж буруутгаж байгаа маш олон хүн байгаа. Буруу хүмүүстэй нийлүүлэхгүй, буруу бүхнээс хол байлгах гэж л барьж байсан. Мөнгөгүйн улмаас нутагруу нь ч явуулж чаддаггүй байсан.
Амьдралд минь нэмэр болоогүй болохыг ч хүсээгүй хүмүүсийн биднийг юу гэж хэлэх нь одоо хамаагүй.
Бусдын амьдралаар нэг ч өдөр амьдарч үзээгүй байж үзсэн мэт ярьдаг хүмүүст би дургүй.
Бид хоёрт ямар ч асуудал тулгарсан ээж маань л ард минь байсан болохоор давдаг байсан. Хөөрхөн үрээ өлгийдөж авахад ч ээж, миний үеэлүүд, найзууд маань баяр хүргэж, тусалж дэмжиж байсан юм…
Цор ганц үнэн нь ханийн минь эцсийн сонголт охин бид 2 л байсан юм.