Sunday, August 18, 2019
СОД ТӨРИЙН БУУДАЛД ХҮЧИНДҮҮЛСЭН 14 НАСТАЙ ОХИН СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ХЭВТЖЭЭ.
Баянгол дүүргийн XI хороо, III, IV хорооллын Бичилд байрлах “Сод” төвийн зочид буудалд энэ сарын 16-ны шөнө 14 нас А охин хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг гарсан. Тус буудалд А охинтой хамт үйлчлүүлсэн 17 настай Б нарыг Хүүхдийн тусламжийн 108 төвд хүргүүлээд байсан юм. Тус төв охидыг хамгаалалтад авч, сэтгэлзүйн заслын эмчилгээ үзүүлсэн. Харин өнөөдөр /2019.06.21/ А охиныг Хүүхдийн тусламжийн 108 төвөөс Шар хаданд орших Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн байна. Ямар шалтгаанаар Шар хадны эмнэлэгт хүргэсэн нь тодорхойгүй ч охиныг гэнэтийн цочролд орсон гэж үзсэн бололтой. Охин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 хоног эмчлүүлэхээр болжээ. Харин түүнтэй хамт Хүүхдийн тусламжийн 108 төвд хүргэгдсэн Б охиныг хоёр хоногийн өмнө гэр бүлд нь хүлээлгэн өгчээ.
Зочид буудалд хүчирхийлэлд өртсөн 14 настай А охин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн кабинетад хэвтэн эмчлүүлж байна.
Энэ талаар охины ээж Т-ээс тодруулахад “Миний охиныг цагдаагийн байгууллагаас Хүүхдийн тусламжийн 108 төвд хүргэж, бидэнд өгөөгүй. Гэтэл өнөөдөр тус төвөөс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн байна. Яагаад сэтгэцийн эмнэлэгт хүргэснийг мэдэхгүй. Охинтой минь ерөөсөө уулзуулсангүй. Хүүхдийн тусламжийн 108 төвд байх хугацаандаа охин маань хэн нэгэнтэй ярихгүй, хоол ундаа ч идэхгүй байсан гэж хамт байсан охин нь ярьж байна. Хүчирхийлэлд өртсөнтэй холбоотойгоор шоконд орсон. Тийм учраас сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн юм болов уу гэж таамаглаж байна. Түүнээс миний охин ямар нэгэн сэтгэцийн нөлөө байхгүй. Уг нь бидэнд охиныг минь өгчихмөөр байна. Гэтэл 108 төв нь эцэг, эхтэй нь ч уулзуулдаггүй. Хамт байсан Б охины яриагаар 108 төв нь хоол, унд муутай, хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Охиноо өөр дээрээ эргүүлж авмаар байна” гэлээ.
Охин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн кабинетад хэвтэн эмчлүүлж байна. Дээрх хүчирхийллийн хэрэг үйлдсэн М нарын залуусыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN