
Хүний амьдралд гурван бэрх байдаг гэдэг. Энэ нь давж баршгүй өвчин зовлон, үр хүүхэдгүй байх, нөгөө нь амьдын хагацал юм. Энэ л хатуу тавилан нэгэн гэр бүлд тохиосны харгайгаар нэгэн залуу хайртай ханиа, бүлтэлзэн бөмбөрөх хоёр жаахан хүү халамжит ээжийг хэдхэн хоногийн өмнө алджээ. Тиймээс олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ удаагийнхаа сурвалжлагаа ГССҮТ-ийн Яс үений гэмтэл согогийн III тасагт хэвтэн эмчлүүлж буй нэгэн залуугийн гэр бүлд тохиосон аймшигт ослоос бэлтгэн хүргэж байна.
Тодруулбал, энэ сарын 14-ны өдөр Ц.Отгонбаатар гэр бүлийн хамт Хөвсгөл нутгийг зорьж яваад осолдсон харуусалтай хэрэг гарсан юм. Ослын улмаас түүний гэргий 29 настай Б.Хулан газар дээрээ амь насаа алдсан бол хүү болон өөрөө хүнд гэмтэж бэртжээ. Ц.Отгонбаатар ослын талаар “Мөрөнгийн төвөөс бид идэж, уух юмаа базаагаад цааш хөдөлж, Хатгалд нэг хоноод буцах төлөвлөгөөтэй явсан юм. Бид 50-100-ын цогцолборыг өнгөрөөд өгсүүр замаар зорчиж явтал гүвээ даваад цэнхэр машин уруудаж яваа нь харагдсан. Хоёр хүү минь бас эхнэр маань яг энэ үед унтаж байсан юм. Би жолоо барьж байсан юм л даа. Тэгтэл “Хүүе” гэхийн завдалгүй өмнөөс тулаад гараад ирсэн. Эргэлт хийх ямар ч боломж олгоогүй. Тухайн үед би 60-70 км/цагийн хурдтай явж байсан юм шүү дээ.
Өнгөрсөн хойно нь боддог юм байна. “Ядаж зүүн тал руугаа дарчихгүй яав даа” гэж. Өдөр бүр л өөрийгөө зүхэж, харамсах юм. Жолоо барьж явахдаа амралтгүй явах, хурд хэтрүүлэх нь бусдын болоод өөрийнх нь амьдралыг сүйтгэдэг юм байна. Осол гаргасан жолоочтой уулзаагүй. Чухам яагаад өмнөөс ороод ирснийг мэдэхгүй байна. Үнэхээр ойлгохгүй байна. Бид хоёрын урд, хойно бараг байгаагүй шүү дээ. Гуравхан секунд тэсч хүлээж чадаагүй л юм байхдаа л гэж бодож хэвтэнэ. Хоёр хүүхэд минь сэтгэлийн шархтай өсөх нь. Тэднийхээ шархыг яаж эдгээнэ дээ гэж бодох юм. Дээрээс нь аж амьдралаа яаж авч явах вэ гээд олон зүйл бодогдож байна.
Хэзээ хөл дээрээ босох юм, бүү мэд. Эмч нар “Босож чадна, тэсэх хэрэгтэй шүү, хөдлөхийг хичээгээрэй” гэж хэлсэн.
Чадлаараа хөдлөөд л байна. Мэс засал амжилттай сайн болсон, эмчилгээ дууссан. Эхнэр бурхны оронд очсон хэдий ч бусадтай инээж, сувилагч нартай ярилцах зэргээр өөрөө өөрийгөө хуурч, өдөр хоногийг аргацааж байна даа. Осолд орсноос хойш 10 гаруй хоногийн хугацаанд сэтгэлээ барих гэж янз бүрээр оролдлоо” хэмээн нүд нь чийгтэж, яриа нь тасалдана.
Тэрбээр ослын дараа ГССҮТ-д яаралтай хүргэгдэн ирсэн бөгөөд нэг чөмгөнд нь хиймэл чөмөг суулгаж, нөгөөхийг нь хадаж, бяцарсан хэсгийг нь шрүфээр тогтоосон байна. Хоёр хөл нь мэдээтэй ч, ташаа нь мэдээгүй байгаа аж. Бие засахдаа хүртэл багадаа 3-4 хүн оролцуулж байж бие засаж байгаа гэсэн.
“ЭЭЖТЭЙ ХАМТ ДӨРВҮҮЛЭЭ ГЭРТЭЭ ХАРЪЯ. ТЭГЭХ ҮҮ, ААВ АА”
Ц.Отгонбаатарын гэргийг Б.Хулан гэдэг байжээ. Өдгөө 29 настай. Тэднийх хоёр хөөрхөн хүүтэй. Том хүү О.Түвшинбаяр нь 10 настай, бага хүү О.Мөнхтүвшин нь найман настай. Бага хүү нь ээжийгээ бурханы орныг зорьсныг сайн ойлгохгүй “Ээжийгээ эмнэлэгт эргэж очно. Ээжтэйгээ ярина” гэдгээс өөр зүйл огт яриахаа болжээ. Харин том хүү нь багын цовоо сэргэлэн, хөдөлгөөнтэй байдаг байсан бол ослын дараагаас бараг ярихаа больж. Үүнийг нь ослын “шок”-нд орсон гэж эмч нар дүгнэсэн байна.
“Аав аа, та хэзээ эдгэрэх юм бэ. Тэ хэзээ эмнэлгээс гарах вэ. Ээжтэйгээ хамт дөрвүүлээ гэртээ харъя, тэгэх үү” гэсэн асуултаар дарах наймхан настай хүү. Эдгээр үгийг сонсох бүртээ эцгийн сэтгэл хөндүүрлэнэ. Тэр гайтай хар өдрийг зүхнэ. Бас өөрийгөө зүхнэ. Эрийн шийр зааж, нугарахгүйг хичээвч хөл дээрээ босож чадах болов уу гэсэн нууцхан айдас сэтгэлд нь хургана. Гэхдээ л “Хоёр хүүгийнхээ төлөө тэмцэнэ. Би босож чадна” хэмээн хоолой зангируулан уйлах нь сэтгэл эрхгүй өвтгөнө.
“БИДЭНД ҮХЭХ ЭРХ БАЙХГҮЙ”
“Одоо л хүүхдүүдийн маань амьдрал нь тогтох нь” хэмээн баярлаж байсан ээж өнөөдөр охиноо эцсийн замд нь үдэхээр бэлтгэж байна. Тэрбээр арьсан гутал урлаж, борлуулдаг байсан бөгөөд энэ эрдмээ бага охиныхоо гэр бүлд өвлүүлж байгаадаа хөл нь газар хүрэхгүй явжээ.
Гэтэл нэг л өдөр “Ээж ээ, бид сайхан аялаж явна. Та битгий санаа зовоорой” гэж хэлснээс хойш ганцхан цагийн дараа нарт хорвоогоос хальсан байна.
“Сайхан охиноо сайн яваад ирээрэй” гээд үдээд явуулсан юм сан. Гэтэл хэзээч эргэж ирэхээргүй яваад өглөө” хэмээн цээжээ “уран” уйлах ээж. Хэдий охиноо алдсан ч ард нь хоцорсон хоёр зээ хүүгээ, ханиа алдсан хүргэн хүүгээ бодож шүд зууна. Уйлах байсан ч далд очин мэгшинэ. Ингэж л хүргэн хүүгээ сэтгэл, санаагаар дэмжин хажууд хань болж байгаа аж.

“Монголчууд минь, хүүхдүүд минь жолооны ард суухдаа үргэлж биендээ хүндэтгэлтэй хандаж, эргэж хэзээч ирэхгүй ганцхан хором мөчийн төлөө болгоомжтой яваарай” л гэж хэлье дээ. Би хоёр сайхан охинтой байсан. Гэтэл хоёр сайхан цэцэгний минь нэгийг нь таслаад хаячихлаа. Одоо хоёр зээгээ хөтлөөд үлдлээ. Тэднийхээ төлөө бидэнд үхэх эрх байхгүй” хэмээн хэлэх ээжийн нүүр, нүд шорвог нулимсанд түлэгдэж, улайжээ.
Осолд орсон залуус энэ сарын 11-нд Улаанбаатар хотоос хөдөлж, Хутаг-Өндөр суманд аавындаа очиж хоёр хоночихоод цааш хөдөлжээ. Учир нь тэд далай ээжийг үзэхээр олон сар, жил төлөвлөсөн. Энэ мөрөөдлөө биелүүлэхээр яваад ийн осолдсон байна.
“ЗАЛУУС ГУТЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БАЙЖЭЭ”
Залуу гэр бүл гутлын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчид байжээ. Хадам ээж нь 20 гаруй жил гутал үйлдвэрлэсэн бөгөөд үүнийгээ хоёр хүүхэддээ өвлүүлсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрийн чаддаг бүхнээ зааж өгсний буянд байнгын үйлчлүүлэгчид нь олширч дагаад ажилдаа улам ихээр дурлаж, урам зоригтой ажиллаж байжээ.
Тэд арьсан гутлаа дэлхийн зах зээл дээр борлуулж, дэлхийн брэнд болгох зорилго тээсэн байж. Гэтэл энэ бүх зорилго нь хормын төдийд үгүй болж, зөвхөн “мөрөөдөл” болж үлдэхэд хүрчээ.
Зам тээврийн ослын улмаас хэчнээн хүн амьдын хагацал, зовлон үзэж, энэлэн шаналдаг болохыг та бүхэн харлаа. Автын ослоор жилд 500 хүн хорвооог орхиж байна.
“Та сайн яваад ирэв үү” гэж асуухаас “Хурдан яваад ирэв үү” гэж монголчууд бид хэзээ ч асуудаггүй билээ. Тиймээс хэзээ ч эргэж ирэхгүй нэгхэн хоромын төлөө хурдаа тохируулаарай. “Үнэ цэнэтэй амьдралаа хором бүрт хайрлаарай, жолооч нар аа” гэж уриалаад энэ удаагийнхаа сурвалжлагаа төгсгөе. ЯАРААД ЯАХАВ ДЭЭ ЖОЛООЧ НАР АА.
Б.Лхам