Thursday, September 19, 2019

Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгуулжээ



УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшлийн Монполимет ХХК нь Монгол банканд 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шүүхээр хэрэгсэхгүй болж, 10 тэрбумын төлбөрийг нь Монголбанк Болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хаасан тухай баримтыг zarig.mn сайт хөндсөнийг уншигч та бүхэн санаж байгаа байх.
Тэгвэл бид энэ удаад Монгол банк болон Монполимет ХХК ямар учраас 10 тэрбум төгрөгийн асуудлаар шүүхдэлцсэн тухай мэдээллийг Шүүхийн шийдвэр дээр тулгуурлан дэлгэрэнгүй хүргэж байна.

2016 оны 06 сарын 30 өдөр “Монгол банк” УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшлийн “Монполимет” ХХК-д холбогдуулан 10.615.924.551 төгрөг гаргуулах шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Шүүхэд гаргасан уг шаардлагадаа нэхэмжлэгч буюу Монгол банкны зүгээс:

“Монгол банк нь алтны зах зээлийг чөлөөлсөн 2002 оноос эхлэн алтны компаниудын олборлосон алтыг гадаад зах зээлд шууд борлуулах боломжтой болсон тул дотоодын алтны компаниудын захиалгаар олон улсын үнэт металлын зах дээр арилжаа хийж байсан.

Алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс алтны арилжаа хийхдээ Монгол банкны Ерөнхийлөгчийн 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байсан. “Монполимет” ХХК нь 2003 оны 9 дүгээр сараас “Монгол банк”-д захиалга өгч эхэлсэн “Монгол банк”, “Монполимет” ХХК-ийн хооронд дараах гэрээнүүд байгуулагдсаны үндсэн дээр арилжаа хийгдсэн болно. Үүнд:

-Арилжааны ерөнхий гэрээ /2003.02.28/
-Арилжааны ерөнхий гэрээ /2005.01.01/
-Арилжааны ерөнхий гэрээ /2006.01.01/

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 172 тоот тушаалаар алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс хийж байсан арилжааг зогсоосон учраас энэ тухай “Монполимет” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн.

Арилжаатай холбоотой үүссэн өглөг, авлагын талаар 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж, “Монполимет” ХХК нь 882,768,000 төгрөг, 4,256,689.32 ам долларыг “Монгол банк” төлөхөөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

“Монгол банк”-ны тайлан тэнцэлд үүссэн авлагын талаар “Монполимет” ХХК удаа дараа уулзаж танилцан тэмдэглэл хөтөлж, төлбөр төлөх шаардлага тавьж ирсэн бөгөөд “Төлбөр төлөх гэрээ”-ний төслийг 2008 онд гардуулан өгч, урт хугацаанд төлбөрийг хувааж төлөх боломж олгож байсан.

“Монполимет” ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 43,000.00 ам.доллар төлсөн байна. Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0108/81 дугаартай “Төлбөр төлөх гэрээ”-гээр “Монгол банк” нь “Монполимет” ХХК-ийн нэрийн өмнөөс гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай алтны форвард, опшин хэлцэл хийж, “Монполимет” ХХК-д олгосон урамшууллын төлбөр болох “Монполимет” ХХК-ийн дансанд шилжүүлсэн нийт 839,540.00 ам.долларыг 2009 оны 01 дүгээр сард багтаан төлж дуусгахаар тохиролцсон боловч урамшууллын төлбөрөөс 285,888.10 ам.долларыг буцаан төлж, үлдэх 553,679.90 ам.долларыг төлж дуусгаагүй байна. Үүнд:

Шилжүүлсэн урамшуулал:

1. 12 дугаар сарын 10-ны өдөр 17,808.00 ам.доллар,

2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 60,240.00 ам.доллар,

2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 761,520.00 ам.доллар нийт 839,568.00 ам.доллар,

Буцаан төлсөн урамшуулал:

200.. оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 151,658.10 ам.доллар,

2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 16,230.00 ам.доллар,

2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 75,000.00 ам.доллар,

2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 43,000.00 ам.доллар нийт 285,888.10 ам.доллар,

“Төлбөр төлөх гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар талууд гэрээний хугацааг төлбөр төлөгч тал төлбөрийг бүрэн төлж дуустал үргэлжлэхээр тодорхойлсон ба энэхүү гэрээ  хүчин төгөлдөр хэвээр байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар урамшууллаас төлөгдөөгүй үнийн дүн 553,679.90 ам.доллараас хоног тутам 0,014% (жилийн таван хувь)-ийн алданги тооцон 180,950.00 ам.долларыг нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иймд арилжаанаас үүссэн авлага 882,768,000.00 төгрөг 3.970.801,32 ам.доллар, арилжааны урамшуулал 796,568.00 ам.доллар, урамшууллын алданги ниит 10.615.924.551 төгрөгийг “Монполимет” ХХК-иас гаргуулан өгч “Монгол банк”-ыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Харин хариуцагч “Монполимет” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд ннэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж дараах үндэслэлүүдийг шүүхэд хүргүүлсэн байна. Үүнд:

1. Тус компанитай холбоотой төлбөрийн талаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жил өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас арилжаанаас үүссэн авлага 882,768,000.00 төгрөг, 3,970,801.32 ам долларыг нэхэмжлэх болон төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.

2. Арилжааны урамшуулал 553,679.90 ам доллар, урамшууллын алданги 180,950.00 ам доллар нэхэмжилсэн тухайд анхнаасаа арилжааны гэрээгээр урамшууллыг буцааж төлөх нөхцөлийн талаар гэрээний талууд тохиролцоогүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь энэ талаар дутуу мэдээлэл, мэдлэгтэй байснаас болж зохих хэмжээний төлбөрийг буцаан төлсөн байна. Төлбөр барагдуулах гэрээ нь арилжаатай холбоотой хууль, журамд нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй гэрээ байх тул энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжилсэн төлбөрийг хариуцах үүрэг хүлээхгүй.

3. Алтны арилжаа нь Монгол Улсын Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7-д “улсын төсөвт тусгагдаж Улсын Их Хурлаар батлагдсан, энэ хуулиар зөвшөөрснөөс бусад, хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа гүйлгээ хийх” гэсэн заалтыг зөрчиж ашиг олсон үйлдэл нь хуулийг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иймд 10,615,924,551 төгрөг нэхэмжилсэн “Монгол банк”-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалсан шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч болон, хариуцагчийн тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад “Монгол банк” 10.615.924.551 төгрөгийг “Монполимет” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон дараах байдлаар шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна:

-Нэхэмжлэгч “Монгол банк”, хариуцагч “Монполимет” ХХК-тай 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Арилжааны ерөнхий гэрээ” байгуулж, “Монполимет” ХХК 2006 онд өөрийн олборлосон арилжаалах үнэт металлын тодорхой хэсгийг Монгол банкнаас баталсан лимитийн хэмжээнд гүйцэтгэгчээр дамжуулан захиалга өгч олон улсын зах дээр...арилжих, “Монгол банк” захиалагчаас ирүүлсэн арилжааны захиалгыг өдөрт нь хийж гүйцэтгэх, арилжааны ашгийг ажлын 2 хоногт захиалагчийн дансанд шилжүүлэх, захиалга гүйцэтгэснээр шимтгэл авах, шимтгэл арилжааны үр дүнгийн ашиг, алдагдал, урамшуулалтай тэнцүү байхаар тохиролцон талууд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээг байгуулсан байна.

Уг гэрээний дагуу 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 009 тоот тооцоо нийлсэн актаар 1,746,049,32 ам долларын үлдэгдэл байгааг, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2208001004 тоот дансанд бүртгэлтэй 882,768,00,00 төгрөгийн авлага, 2208401004 дансанд бүртгэлтэй 4,256,686,32 ам долларын авлагыг тооцоо нийлсэн байна.

Улмаар талуудын тайлбараар 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 172 дугаартай “Монгол банк”-ны ерөнхийлөгчийн тушаалын 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар Алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс аливаа арилжаа хэлцэл хийхгүй байхаар тогтоож, үнэт металлын арилжааг зогсоож, урамшууллын төлбөрийг төлөхөөр тохиролцож, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төлбөр төлөх гэрээ нэртэй 0108/81 дугаартай гэрээ байгуулж, 839,540,00 ам долларыг 5 сарын хугацаанд 2009 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хариуцагч “Монполимет” ХХК, “Монгол банк”-нд төлж дуусгахаар тохиролцсон байна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэгт 3 жил байхаар заасан байна. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусдаг” байна.

Хариуцагч “Монполимет” ХХК 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 285,888,10 ам доллар төлжээ. Үүнээс хойш хугацаанд хариуцагч “Монполимет” ХХК төлбөр хийгээгүй байна.

Улмаар нэхэмжлэгч “Монгол банк” гэрээний үүрэг биелүүлээгүй тул 10,615,924,551 төгрөгийг “Монполимет” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрөөгүй бөгөөд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж “Монгол банк”-нд 10.615.924.551 төгрөгийг төлөхөөс татгалзсан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76,1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох тул нэхэмжлэгч “Монгол банк”-ны нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сүүлчийн төлбөр хийснээс хойш 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байна.

Иймд нэхэмжлэгч “Монгол банк”-ны шүүх хуралдаанд “Төлбөр төлөх гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар талууд гэрээний хугацааг төлбөр төлөгч тал төлбөрийг бүрэн төлж дуустал хүчин төгөлдөр хэвээрээ байна гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” байдаг бөгөөд хариуцагчийн татгалзлалыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна. Иймд арилжаанаас үүссэн авлага 882,768,00,00 төгрөг, 3,970,801,32 ам доллар, арилжааны урамшуулал 796,568,00 ам доллар, урамшууллын алданги 180.950,00 ам доллар, нийт 10,615,924,551 төгрөгийг “Монполимет” ХХК-иас гаргуулах “Монгол банк”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Х.Онон


http://www.zuv.mn/page/newsmore/26501?fbclid=IwAR3j7p07-b2U6nX85a30F1Lkqi2UaTLmrNN1hy61djv7zFgzPse_rMWJPWw