АТГ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр
гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэдний гэм буруутайг шүүх хурал энэ сарын 12-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Энэхүү шүүх хуралд гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар оролцсон.
Тэгвэл тэрбээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороонд захидал илгээжээ. Энэ талаар дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
Тэд хэлэхдээ "Монгол Улсын хуулиар шүүх гаргасан шийдвэрээ 14 хоногийн дотор баталгаажуулж, холбогдох этгээдэд нь хүргүүлдэг. Холбогдогч этгээд гэдэг нь шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч юм. Тэрхүү 14 хоногийн хугацааа нь өнөөдрөөр дуусгавар болж байна. Шүүхийн шийдвэрийг гардаж авсны дараа прокурор хоёр үндсэн арга хэмжээ явуулдаг. Эсэргүүцэл бичиж болно. Эсвэл прокурор нэмэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хуультай. Шүүх хурлын дараа иргэд олон түмэн мэдээлэл авахыг хүсэж байгаа" гэв.
Түүнчлэн "Ц.Амгаланбаатар гэдэг хүнийг та бүхэн мэдэж байгаа. Гол эрүүдэн шүүсэн хүн. С.Зориг агсны амь насыг 16 настайдаа хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг. Төрийн гурван өндөрлөг болон гишүүдэд захидал ирүүлсэн. Тэр захидлаа дахин нотолж бидэнд ирүүллээ. Энэ эрүүдэн шүүсэн этгээдүүд 500 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Ийм учраас би Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөгөө өгөөгүй, гадагш гаргасангүй. Дахин би хүн гүтгэж чадахгүй гэдгээ дахин нотолж Ц.Амгаланбаатар гишүүдэд хандсан байна" хэмээн ярилаа.