Tuesday, September 3, 2019

БНХАУ-ын иргэн ХОЁР Монгол иргэний амь насанд хүрчээ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 464 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 312 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, наймдугаар сарын 31-ний 23:30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт”-ийн зам, “Их хурд” түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima автомашины жолооч, БНХАУ-ын иргэн Ха Ши гэгч нь явган зорчиж явсан 44 настай, эрэгтэй, 30 настай эрэгтэй Б нарын хоёр хүнийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Мөн өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр 09:56 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Дөрвөлжийн 10-7 тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б гэгч өөрийн охин, нэг настай, эмэгтэй Ц-г ухарч байхдаа мөргөж, амь насыг хохироосон харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Сүүлийн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдийг мөргөж гэмтээх тохиолдол нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.