Thursday, September 5, 2019

Ахлах ангийн сурагчид “ХААН БАНК”-ийг хакердсан хэрэг гарлаа. ХААН БАНК-нд бид итгэж болох уу?


Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Лаборатори сургуулийн төгсөх ангийн гурван сурагч өөрсдийнхөө авьяас чадвар, сурсан мэдсэнээ буруугаар ашиглаж, бусдад хохирол учруулсан хэрэг 2017 оны 10 сард гарсан билээ.
2000 оны 17 настай нэг ангийнхан болох Болдоо, Батаа, Баяраа нар хичээлийнхээ дундуур Мэдээлэл зүйн танхимынхаа компьютерыг ашиглаж нэгэн иргэний “ХААН” банкны данснаас удаа дараа гүйлгээ хийж ихэнх мөнгийг нь авжээ.
Хэдийгээр тэдний авсан мөнгө эцэг, эхийнх нь сарын цалингийн талд хүрэхгүй ч гэлээ 2017 оны 7 сарын 1-нээс мөрдөж буй шинэ Эрүүгийн хуульд хохирлын хэмжээг төдийлөн харгалзахаа больсон ба үйлдэлд нь хариуцлага ногдуулдаг болсон тул хууль сахиулах байгууллагынхан тэдний холбогдсон хэргийг сайтар шалгаж, нотолсон билээ.
Дээрх хөвгүүдийн нэг болох Болдоо Мэдээлэл зүйн кабинетад ороод хичээлээ хийж хэвшсэн 15 дугаартай компьютерын ард суужээ. Энэ үедээ  кэелоггер (keylogger) хэмээх программ ашиглан иргэн Д-ийн Хаан банкан дахь дансаа удирддаг интернэт банк үйлчилгээний нууц үгийг нь олж авсан ба компьютерын программ хангамжийн мэргэжлийн хүмүүсийн тодорхойлсноор “Кэелоггер гэдэг нь төхөөрөмжид оруулсан тэмдэгтүүд буюу мэдээллийг хадгалж авах, эсвэл тухайн халдагч руу явуулдаг, нууцаар ажилладаг программ” аж. Харин тус банкны дээрх үйлчилгээнийх нь хамгаалалт, нууцлал тийм сайн биш байдгаас болсон уу, Болдоо нэг их оролдлого, хүчин чармайлт гаргалгүй нууц үгийг нь өөрийн болгож тэмдэглэн авчээ. Энэ тухайгаа хавтаст хэрэгт мэдүүлэхдээ “2017 оны аравдугаар сарын 16-нд мэргэжлийн хичээлийн үеэр багшийн өгсөн даалгаврыг хийж дуусаад фэйсбүүкт орсон юм. Дараа нь кэелоггер программ руу орж, өөрийнхөө фэйсбүүкийн нэвтрэх эрхийг арилгахаар нэвтэрсэн.
Тэр үеэр нэг хүний “Хаан” банкны интернэт банк үйлчилгээний нууц үгийг харсан юм. Нууц үг нь тухайн программ дээр бичигдсэн байсан. Хичээл тараад энэ талаар Батаа, Баяраа нарт хэлсэн” хэмээжээ.
Болдоо уг дансныхаа мэдээлэл, нууц үгийг хоёр найздаа ч бас хэрэглүүлэхээр санал болгосон ч нөгөөдүүл нь зөвшөөрөөгүй хэмээн мэдүүлсэн байх юм.
Харин тэдний асран хамгаалагч нарын нэг нь “Кэелоггер гэдэг программыг хэн ч ашиглах боломжтой.
Ийнхүү тусгай программ уншуулж олж авсан нууц үгээ ашиглан иргэн Д-ийн гэр бүлийнхний хамтран эзэмшдэг Хаан банкны данснаас 22 удаа гүйлгээ хийж, нийт 560 орчим мянган төгрөг авсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Болдоо 2017 оны аравдугаар сарын 17-ноос мөн сарын 23 хүртэлх хугацаанд хамгийн багадаа 7000, ихдээ 60 000 төгрөгийн гүйлгээ хийж дээрх хэмжээний хохиролыг иргэн Д-д учруулсан хэмээн цагдаа, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн байна.
Ахлах сургуулийн сурагчдад хакердуулж байгаа ХААН БАНК-нд бид итгэж болох уу???