Thursday, October 17, 2019

ЖҮЖИГЧИН: ГАНЧИМЭГ БИ ТА НАРААС БОЛЖ УЙЛЖ БАЙНА...НАДРУУ БҮР ШОРОО ЦАЦАЖ БАЙГААМ ДАА...


Ард түмнээ алаг нүдэн хэмээн алдаршсан жүжигчин Д.Ганцэцэг Монголчуудынхаа үнэн төрхийг, гаднын нэгэн жижиг улстай харьцуулан бичжээ. Уг бичвэр хатуу ч гэсэн өнөөдрийн Монголчуудынхаа дэндүү үнэнг дэлгэжээ. Ийн түүний уншигчиддаа түүний бичвэрийг хүргэе. Та ч гэсэн нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.
Монголчууд бидний Үнэн төрх...
/Фатима бид хоёр/
Хэдхэн сарын өмнө марокко үндэстэн Фатима хэмээх нэгэн бүсгүйн бичсэн номыг хичээл дээрээ үзэж, түүний зохиолч болсон түүхийг нь сонирхож байлаа. Тэрээр Францад ирснээс хойшхи амьдралаасаа сэдэвлэн хоёр ч ном бичсэн бөгөөд "Саранд залбирсан нь" ном нь бүр баримтат уран сайхны кино болж оны шилдэг Франц киноны шагнал хүртэж, Луис-Деллукийн наадмаас тэрээр шилдэг зохиолчийн шагнал хүртсэн байдаг. Яагаад Фатимагийн түүх миний сонирхлыг татсан бэ гэвэл өсвөр насны хоёр том охины ээж, жирийн нэг орон сууцны цэвэрлэгч түүн шиг гадаад эмэгтэйд хүссэн зоргоороо ном гаргаад байх санхүүгийн болон харилцаа холбооны боломж энэ оронд бараг л үгүй гэдгийг өөрийн туршлагаас ойлгосон тул францаар сайн ярьж чаддаггүй Фатимаг хэрхэн энэ далай шиг том орон зайд хөл тавьж, бүр номоороо кино хүртэл хийлгэж чадсаныг л мэдэх санаатай сонирхсон хэрэг.
Гэтэл Францад амьдардаг марокко үндэстнүүд нийлж нэгдээд энэ бүсгүйгээ дэмжиж, санхүүжүүлээд араб хэлээр бичсэн өдрийн тэмдэглэлийг нь франц хэл дээр орчуулан ном болгон хэвлүүлж, бүр цаашлаад түүний бүтээлийг кино болгох, Фатимагийн номыг олон нийтийн анхааралд өртүүлэх бүхий л ажлыг хөөцөлдөж өгсөн байдаг. Үүний төлөө мароккочууд гэр гэрээсээ, утас хаяг болгоноосоо хандалт, сэтгэгдлийг харамгүй асгасан юм. Ингээд тэд ч санасандаа хүрч одоо Фатимагаар төлөөлүүлэн марокко үндэстнүүдийг францчууд маш сайн мэддэг болсон төдийгүй, үндэсний зохиолчоо төрүүлж чадсан тэдний эв нэгдэл нь ам дамжсан домог мэт яригддаг байна. Францад амьдардаг Мароккочууд одоо ч Фатимагаа орхиогүй. Тэд Фатимагаараа маш их бахархдаг.
Энэ түүхийг олж мэдээд тухайн үед би бяцхан сэтгэлээр унаж суусан юм. Яагаад сэтгэлээр унасан бэ гэж үү? Монголчууд минь даанч ингэж нэгдэж түлхэж чадахгүй шүү дээ гэж бодсоноос тэр. Уг нь манай монголчуудад Фатима шиг жирийн нэгэн ээж, цэвэрлэгчээс зохиолч төрүүлэх шаардлага байхгүй. Бидэнд бэлэн зохиолч нь байсан юм. Бүр хосоороо шүү.
Харин сая Францын хамгийн том сүлжээ дэлгүүрийн сайтанд өнөөх Фатимагийн алдарт "Саранд залбирсан нь" хэмээх номтой "Хишигт" минь ийнхүү зэрэгцэн тавигдсан байхыг санамсаргүй олж хараад дотроос нэг том хар бүлх хоолой өөд өгсөн явсаар хачин гунигтай хөндүүр цээжнээс сад тавьж, би тэсгэлгүй хөнжил дотроо чимээгүйхэн мэгшиж гарлаа. Яагаад уйлсан бэ гэж үү? Та бүхэн өнгөрсөн жилээс хойш Болорыг эндээ ямар их гадуурхал, атаа жөтөө, хэл ам, хэрүүл тэмцэлд өртөж байгааг анзаараагүй байж магад. Би өөрийн нүүр тулж, нүглийг хуулдаг авираараа энүүхэн зууртаа их ч тэмцсэн. Ухаантай гэж тоосондоо учирлаж, ухаан муутайг нь хатуухан зэмлэж, эвлэрэшгүйг нь мөр чигт нь хаяж, эвлэж болохыг нь тэсэж аргадаж явсаар өнөөдөртэй золгон ирсэн юм. Хамгийн аймшигтай нь хэн нэгэн атаархсан хүний зохиосон тэр муухай хар үгс зүрх зүсэж, сэтгэл сэмэлж, ямар их зовиур шаналгаа авчирдгийг тэд өөрсдөө огт тоодоггүй юм билээ. Бүр дасчихсан. Өөрсдөө бараг өдөр бүр янз янзын булай муухай яриа хөөрөөнд хөвж явна. Тиймээс бусдыг яаж хугалж, өвтгөж байгаагаа хэзээ ч ойлгохооргүй янзтай. Энэ бүх сэтгэл санааны дарамтны хажуугаар би ямар их өөрчлөлтийг бусдын болон өөрийн амьдралд хийснийг тоолох аргагүй. Ямар ч байсан бид соён гэгээрүүлэх үүргээ хэзээ ч умартаагүй. Сохор зоосны ч ашиггүй цаг үрсэн бүхий л гуйлт хүсэлтэнд бид чадлаараа хариулсан. Зүтгэсэн. Бусдын төлөө амьдарсан. Маш олон хүнд урам итгэл өгсөн. Уран зохиолоо, үндэсний бахархал болгоноо чадлаараа сурталчилсан. Санаачилсан. Уриалан дуудсан. Гэтэл монголчууд минь ална, хутгална, бооно боомилно, ашиг олох нь, алдартай болох нь гээд эрвийх дэрвийхээрээ л энд тэндээс ээлжлэн гарч ирж тээгэлдэх гэж хичээсээр байлаа.
Мэдээж би өөрт тохиолдож буй энэ мэт сөрөг муу бүхнээ уудлаад суухыг хүсэхгүй тул зам зуурын онцгүй таагүй бүхний талаар тэр бүр дурсалгүй ганц нэг эсээ, сэтгэгдэл төдий зүйл бичиж өөрийгөө тайтгаруулаад л өнгөрч байлаа. Энэ бүхнийг хэн нэгэн гадны хүмүүс биш элэг нэгт монголчууд минь, итгэж ойртсон найз нөхөд нэртэй эндхийн монгол оршин суугчид маань хийсээр ирсэн учраас өнөөдөр би уйлж суугаа юм. Юун Фатиматай барьцах. Хэдийгээр тэр мэргэжлийн зохиолч биш ч гэлээ ардаа эх орноо, өөрийн үндэстнээ таниулахыг хүссэн мянга мянган мароккочуудаараа хамгаалуулсан азтай эмэгтэй. Харин надад хаалт саад болохыг хүссэн хүн бүр зөвхөн монголчууд минь л байлаа. Биднийг гүжирдэж, доромжилж, уур цухал асааж, бүр ах дүү хамаатан садан, хот тосгоноороо нийлж байгаад энэ харь газарт хөлөө олж, эх орноо таниулах холын бодолтой зорьж зүтгэж байгаа үндэстнийхээ зохиолчдыг барьж идсээр ирсэн юм.
Гэсэн ч бид чадсан. Нөгөө тал нутгийн хөдсөн бор дээлтнүүдийн давж чаддаггүй энэхүү өрнийн утга зохиолын босгоор нь алхаад орчихлоо. Хэдий гомдлын нулимс минь өнөөдөр сул асгарч байгаа ч би өнөө л Монгол гэх нэрээ, монголчуудынхаа нэр нүүрийг чирээд цаашаагаа зүтгэх л болно. Фатима саранд залбирч суусан бол би харин одоо монголчууддаа залбирмаар байна. Амар тайван байлгаж өгөөч. Миний нэрнээс Монгол гэх нэр хэзээ ч салахгүй, миний явсан зам мөрөөр олон олон авьяаслаг монголчууд алхах л болно. Тийм ч учраас энд хэвлэгдсэн анхны номынхоо дизайнд монгол нохойгоо, Монголынхоо далбааг, "Монгол" гэх үгийг би зориуд оруулж өгсөн билээ.
Биднийг санхүүжүүлээд өгөөч гэж би гуйгаагүй. Оюун санааны дэмжлэг л хүсэж байна. Гуйя, биднийг амар амгалан үлдээж хайрла. Эх орныхоо нэр нүүр, хийморь сүлдийг бодоод ч болтугай холын замд гарсан нэгнийхээ араас сүү өргөдөггүй юм гэхэд бүү шороо самраач ээ, монголчууд аа.
 
эх сурвалж:https://paparatsi.mn