Энэ хэрэг хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцанд гарчээ. Хотхоны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн, 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан байна. Хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн шөнийн 01:25 цагт хэргийн газарт ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Оршин суугчдын хэлж буйгаар талийгаач Ц нь өөрийн найз залуу болох 25 настай, Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан ба хэрэг гарсан өдөр хоорондоо маргалдаж байхыг байрны хүмүүс харсан гэв.
Өөр нэгэн эх сурвалж талийгаачийн найз залуу Б тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээллээ.
Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад талийгаачийн найз залуу болох сэжигтэн этгээд Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Харин талийгаачийн цогцост түүний үхлийн шалтгаан, хэргийн нөхцөл байдлыг тогтоохоор задлан шинжилгээ хийж байна. Хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хүн түлхсэн үү, өөрөө үсэрсэн үү гэдгийг шалгалтаар тогтооно. Задлан шинжилгээний хариу гараагүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Харин талийгаачийн ар гэрийнхэн охиноо өөрөө үсрэх хүн биш гэж мэдүүлж байгаа бөгөөд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байгаагаа хэллээ.