Saturday, August 10, 2019

Хамгийн эмзэг сэдэв Гэрэл асаахын завдалгүй хүчиндчихлээ


Хамгийн эмзэг сэдэв. Бас хамгийн их хурцаар тавигдаж буй зүйл бол насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал. Өөрийн буруугаас биш эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас бяцхан хүүхдүүд бие махбодь, сэтгэл санаа, ирээдүйгээрээ хохирч байна. Маш хурц, хүнд энэ л гэмт хэрэг хаа сайгүй үйлдэгдэж буй ч насанд хүрээгүй хүүхдийн эрх, хүний эрхийн асуудал гэдгээрээ байнга нууцлагдмал далд байсаар ирсэн. Байсаар ч байх болно.
Гэвч хэвлэл мэдээллийн байгууллагын олон, олон үүргүүдийн нэг нь сэрэмжлүүлэх. Үүргийнхээ дагуу энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлж, сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлүүлж, анхааруулах нь зүйн хэрэг. Тийм ч учраас энэ удаад насанд хүрээгүй, бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг талаар онцолж байна.
Манай улсад үйлдэгдэж буй хүчирхийллийн хэргүүдийн тодорхой хувийг хүүхдийн хүчирхийлэл эзэлдэг. Тэр дундаа энэ төрлийн гэмт хэрэг нь ураг садны дотор үйлдэгдэж буй нь яахын аргагүй асуудал.
Өөрөөр хэлбэл, хүүхэд рүү хэн нэгэн танихгүй этгээд халдахаас илүүтэй хамаатан садны ах, хойд эцэг, ах эгчийнх нь найз нөхөд , эцэг /эх/-ийнх нь хамтран амьдрагч халдаж байна.
Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн үүргээ ухамсарлаж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах нь юу юунаас илүү чухал болоод буй юм. Магадгүй таны эргэн тойронд хамгийн эрхэм зүйлс рүү чинь араатан мэт довтлох “гэмт хэрэгтэн” байгаа юм биш биз. Бодох л асуудал.
Үүнээс гадна хөдөө орон нутагт хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал ихэссэн. Бүр давтамж өндөртэйгээр нэмэгдэж байгааг албаны хүн онцолж байна.
Дээхин үед тохиолддог байсан нүүр, нүдийг нь хааж байгаад хүч хэрэглэж бэлгийн хавьтилд ордог арга одоо ч байсаар байна. Өөрөөр хэлбэл, хэн болох нь тодорхойгүй, эзэн холбогдогч нь илрээгүй хэргүүд орон нутагт л үйлдэгдэж байна шүү дээ.
Саяхан болсон нэгэн түүхийг сөхөхөд, хөдөөний нэгэн малчин айлын томчууд бага насны хоёр хүүхдээ орхиод малынхаа хойноос явж л дээ. Эцэг, эхийг нь явсан хойгуур буюу харуй бүрий болж буйг ашиглаж хэн нэгэн этгээд гэрт нь “урилгагүй” зочилж. Хоёр хүүхэд гэрэл асаахын завдалгүй хэвтэж байсан хөнжлийг нь толгой дээгүүр нь бүтээгээд хүчингийн гэмт хэргээ үйлдсэн байгаа юм. Хажууд нь байсан хүүхэд орилж, хашгичиж, тусламж эрэх гэсэн ч “ална шүү” гэж айлган сүрдүүлж байгаад гараад зугтчихсан.
Иймэрхүү жигшүүрт явдал орон нутагт их гардаг гэнэ. Орон нутаг, аймаг сум л болсон хойно цөөхөн хүн амтай, жижиг, бөглүү. Энэ талаарх мэдээллийг хажуу хавийн айл хөршдөө дуулгахаас эцэг эх нь эмээдэг. Хүүхдийнхээ төдийгүй өөрсдийнхөө нэр хүндийг бодоод тэр шүү дээ.
Улмаар харьяа газрынхаа хуулийн байгууллагад ч хандахгүй хоног алдаад Улаанбаатарт ирж холбогдох газруудад ханддаг байна. Энэ бол бодит жишээ.
Бүр 2-3 удаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охин эцэг эхээсээ айж хэлэхгүй байсаар “хэрэг хуучирсан”-ы дараа хэлж байсан тохиолдол ч гарч байсан гэдгийг албаны хүн хэлж байна.
Тэгэхээр орон нутагт бага насны хүүхэд хүчингийн гэмт хэрэгт их өртдөг. Үүнийг нь эцэг, эх нь нуун дарагдуулдаг байгаа юм. Малынхаа араас эсхүл тариа ногоогоо хураахаар явах тэрхэн мөчийг гэмт хэрэгтэн хүлээгээд л , ажиглаад л сууж байдаг байх нь.
Тэгэхээр бяцхан хүүхдүүдээ гэмт хэргийн золиос, гэмт хэрэгтний өгөөш болгохгүйн тулд томчууд л анхаарал сэрэмжээ алдахгүй байхад болчих гээд байгаа юм.
Нийслэлд амьдарч буй хүмүүсч тэр энэхүү сэрэмжлүүлгийг орон нутгийн хамаатан садандаа цухалзуулж байхад илүүдэхгүй л болов уу.
Д.Дуулим