Wednesday, September 4, 2019
Дуучин Д.Болдын Тансаг Гэртэй Танилцаарай….Яаж Амьдраад Байгаан Бэ…
Сайн менежер гэдгээрээ олноос магтаал сонсоод байгаа “В” продакшны захирал, дуучин Д.Болд гурав дахь бие даасан поп цомог болох “Амьдралын гол дүр” хэмээх цомгоо гаргаад байна. Мөн удахгүй дараагийн R&B цомог болох ” Only one ” цомгоороо бэлэг барихаар бэлдээд байгаа юм байна. Дуучин Д.Болдтой уулзаж ярилцлаа.
-Нэг хэсэг чимээгүй байсан Болд маань энэ хугацаанд ямар ажил амжуулав даа?
-Чимээгүй байх хугацаандаа өөрийнхөө бие даасан хоёр цомгийн ажил дээр ажиллаа. “Амьдралын гол дүр” хэмээх поп цомог, дараа нь гарах “Only one” нэртэй R&B цомгон дээрээ нэлээд хугацаанд ажиллалаа. “Амьдралын гол дүр” поп цомгон дээрээ хоёр жил ажиллаа. Мөн хажуугаар нь продакшныхаа артистуудын цомгийг хийлээ. Дуучин Маралжингоо, DZman нарын цомог хэвлэлтэнд явсан. Манай продакшнаас Агиймаа хэмээх шинэ артист төрөн гарч байна. Цомог нь худалдаанд гарчихсан байгаа. Мөн “Гурван охин” хамтлагийн “Жинхэнэ хайр” цомог худалдаанд гараад амжилттай явж байна.
-”Амьдралын гол дүр” цомог бусад цомгоос ямар ялгаатай вэ?
-Өмнө нь гаргаж байсан “Хайрын хүч”, “440 герц” цомог R&B болон поп стилийн байсан бол энэ цомог маань цэвэр поп цомог. Зураг авалт, фото, цомгийн сав бүгдээрээ шинэлэг болж чадсан.
-Энэ цомгоороо өөрийнхөө гаргах гэсэн санааг бүрэн гаргаж чадсан уу?
-Цомгийнхоо нэрэн дээр санаагаа илүү гаргахыг хичээлээ. “Амьдралын гол дүр” цомгийн нэр нь монголын залуучууд бүгд өөрийн амьдралдаа үргэлж гол дүр нь байгаарай, хэзээ ч битгий туслах дүрд байгаасай гэсэн утгатай. Өөрийн хийж байгаа ажил, амьдрал, ертөнц, хайр дурлалд дандаа гол дүр нь байх ёстой. Чиний оронд өөр хүн гол дүр болоод чи туслах дүрд байж болохгүй гэдэг асуудлыг гаргаж байна. “Амьдралын гол дүр” цомгийнхоо ихэнх дуунд клипээ хийлгээд хүмүүст бүрэн хүргэсний дараа дараагийн цомгоо гаргана. Энэ цомгийн “Миний замд”, “Миний happy амьдралд” гэдэг хоёр дууны аяыг н.Наранзун зохиосон. Бусад дууныхаа аяыг би өөрөө зохиосон. Энэ дашрамд, миний цомогт ажилласан бүх уран бүтээлч, спонсор байгууллагадаа баярлалаа гэж хэлмээр байна. Хүмүүс спонсор гэхээр зүгээр мөнгөтэй байгууллага мөнгө өгөөд байдаг гэж ойлгодог. Би спонсор байгууллагуудаа сонгохдоо тэд уран бүтээлийг маань хэр ойлгож байна, нийгэмд надаар дамжуулж юу хэлэх гээд байна гэдгийг нь саш сайн судалдаг. Энэ утгаараа “Юнител” компанитай хамтарч ажилласан. “Юнител” компани байгуулагдсан цагаасаа хойш маш хурдан хугацаанд маш олон хэрэглэгчтэй болж чадсан. Мөн Монголын соёл урлагийг байнга дэмждэг “Монгол газар” компани болон монголын ууган үйлдвэрүүдийн нэг “АПУ” компаний хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эх орондоо монгол хүний нэрээр байгаа компаниудтай хамтарч ажиллахад миний хувьд сэтгэгдэл өндөр байдаг.
-Амьдралын гол дүр дуундаа охиноо оролцуулсан байсан. Дуучин Болд одооноос охиноо урлагийн замд оруулахаар бэлтгэж байгаа юм уу даа?
-Охин маань таван настай. Яагаад охинтойгоо дуулах болсон бэ гэхээр манай охин цэцэрлэгт яваад хамгийн түрүүнд сурсан дуу бол хүүхдийн хөгжмийн зохиолч агсан Галмандах гуайн “Алимны модны мөчир”. Энэ дуунаас нь санаа авч “Гол дүр” дууг охинтойгоо болон дуучин Эгшиглэнтэй хамтарч дуулсан. Одоохондоо охин маань дуу, бүжгэнд их дуртай байгаа. Урлагт орох эсэхээ охин минь өөрөө сонгох байх.
-Сүүлийн цомгийнхоо бараг бүх дууны аяыг чи өөрөө зохиожээ. Ямар үед сэтгэлдээ дууны ая хөглөдөг вэ?
-Аяа янз бүрийн л үед зохиодог. Хамгийн түрүүнд миний сэтгэлд дууны маань ая орж ирдэг юм. Олон зүйлээс сэдэв авдаг даа. Мөн хэт их сэтгэл хөдөлсөн болон уйтгартай байх үед ая төрдөг. Шөнө зохиох үе ч гарна.
-Уулзсаных “Камертон” хамтлагийнхны талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Танай хамтлагийн гишүүд хаагуур юу хийж явна вэ?
-Манай хамтлаг түр хугацаагаар завсарласан байгаа. Бид тус тусдаа янз бүрийн бизнесийн ажил хийж байгаа. Зарим нь шинэ гэр бүлтэй болоод завгүй байна. Манай Мээдээ сайн аав болсон. Бид тодорхой хэмжээгээр өөрсдөдөө цаг зав зарцуулах үе гарсан учир түр хугацаагаар завсарласан. Миний хувьд цэвэр уран бүтээл дээрээ ажиллаж байна.
-Сонгууль хаяанд ирсэн энэ үед сонгуулийн сурталчилгаанд явах санал хэр ирж байна вэ. Ер нь улс төр сонирхож байна уу?
-Сонгуулийн сурталчилгаанд явахгүй байгаа. Яагаад гэвэл шинэ уран бүтээл минь яг энэ үеэр таарсан учир цэвэр өөрийнхөө уран бүтээл дээр ажиллаж байна. Сонгуулиа бол өгнөө. Улс төр сонирхоно гэхээсээ илүү би өөрөө нийгэмд яаж байр сууриа олж авах вэ гэдэгтээ маш их анхаарал тавьдаг. Монголын залуучууд ч гэсэн тэгээсэй гэж боддог. Өөрийн амьдралыг өөрөө л нийгэмд зохицуулж, хийж бүтээх ажлаа амжуулж явбал бодит байдалд зүгээр юм болов уу гэж боддог. Дэндүү улс төржих биш хийж байгаа ажилдаа үнэнч, зорилготой байж хөдөлмөрлөж байж л энэ нийгэмд байр сууриа олох байх гэж байнга бодож явдаг шүү.
-Үргэлж л цаг завгүй ажиллаад хааяа шантарч байна уу?
-Урлагийн хувьд шантарна гэдэг зүйл миний зүрх сэтгэлд байхгүй. Яагаад гэвэл Жамьян гэдэг алдарт хуурчийн ач болж урлагийн гэр бүлд өсөж, хүмүүжсэн. Урлагийн гэр бүлийн өв залгамжлагчийн хувьд ч тэр би монголын бүх урлагийн төрөлд байнга л сайн юм хийхийн төлөө явна гэж боддог.
-Хамгийн их урам зоригийг хэдийд мэдэрдэг вэ?
-Хамгийн их урам зоригийг би фенүүдийнхээ алга ташилтаас мэдэрдэг. Яг тайзан дээр эсвэл тоглолтоо тавихдаа фенүүдийнхээ алга ташилт, тэдний дэмжиж байгаа сэтгэлийн халуунаас хамгийн их урам зоригийг авдаг даа.
-Болдтой нэр холбогдсон охидын тоо лав 10 хуруунаас илүү гарсан байх. Чи ер нь хэр дурламтгай вэ?
-Би их романтик хүн. Гэхдээ хүн болгонд дурлаад байх нь хаашаа юм. Урлагийн хүн романтик байх ёстой. Өөрийгөө их амархан гомдож, баярлаж, уурладаг араншинтай юм болов уу гэж боддог. Мэдээж урлагийн хүн их сэтгэлийн хөдөлгөөнтэй байж гоё уран бүтээл гарна. Гэхдээ би олон хүнд дурлаад байсангүй ээ. Надад тийм зан байхгүй.
-Тэгвэл Болд амьдралдаа, гэр бүлдээ чин үнэнч үү?
-Нууц амраг гэдэг миний хувьд байх ёсгүй. Өөрийнхөө босгосон гал голомт, амьдралдаа бүх насаа зориулна гэж би боддог. Надад хоёр сайхан хүүхэд байна. Тэднийхээ төлөө амьдарна. Хамгийн гол нь би өөрийнхөө амьдралыг нойлоос эхэлсэн учир гал голомтынхоо төлөө амь шигээ тэмцэж амьдардаг. Гэр бүлийнхээ төлөө байнга хүчин зүтгэдэг. “Амьдралын гол дүр” цомогт минь “Чи бид хоёр” гэдэг дуу байгаа. Өөрийнхөө амьдралаас сэдэвлэж энэ дуугаа бүтээсэн. Энэ дуу “Анх нийлэхэд бид хоёрын хөрөнгө тортой хувцас байсан” гэж эхэлдэг. Бидний амьдрал яг л ингэж эхэлсэн учир би өөрийнхөө гал голомтын төлөө амьдарна.
-Эмэгтэй хүнээс хамгийн түрүүнд юуг олж хардаг вэ?
-Би хамгийн түрүүнд эмэгтэй хүний зүрх сэтгэлийг нь хардаг. Тэр хүн юу бодож байна, юу ярьж байна, хүнийг юу гэж боддог вэ гэдэг нь хамгийн чухал байдаг. Эмэгтэй хүний царайг зүрх сэтгэл нь чимдэг гэж ойлгодог. Наанаа хэчнээн гоё будаг, шунхтай, хөөрхөн царайтай байсан ч зүрх сэтгэл нь тийм чинээний байж чадахгүй бол хэчнээн хөөрхөн байгаад нэмэргүй шүү дээ. Тийм болохоор ямар ч хүнийг зүрх сэтгэл нь чимдэг болов уу. Хүнийг хайрлах сэтгэл нь үнэн сэтгэлээсээ байдаг, үнэн сэтгэлээсээ инээдэг, үнэн сэтгэлээсээ хүнтэй гар барьдаг хүнийг төгс эмэгтэй гэнэ.
Эх сурвалж: http://medeemns.club