Wednesday, September 4, 2019

Талийгаач Ц-г гар, хөлийг нь хугалж эсэргүүцэх чадваргүй болгосны дараа цонхоор шидэж хөнөөжээ

БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Мандала" хотхоны 13 давхараас өнгөрсөн дөрөвдүгээр сарын
9-10-нд шилжих шөнө 22 настай эмэгтэй Ц унаж амиа алдсан хэрэг гарсан. Хэрэг гарах үед түүний хамтран амьдрагч О.Боргил хамт байсан бөгөөд талийгаач Ц-г гэр бүлийн маргаанаас үүдэн бухимдсандаа цонхоор үсэрч амиа хорлосон гэж цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байдаг.
Гэвч эх сурвалжийн ярьж буйгаар талийгаачийг зодож, цонхоор шидэх гэж чирэх үед эсэргүүцэл үзүүлж хана, цонхноос зуурч, чирэгдсэн мөр үлдсэн ажээ. Мөн шүүх шинжилгээний дүгнэлтээр гар, хөл, гуяны ясыг нь хугалж ноцтой бэртэл учруулсан нь тогтоогдсон байна. Улмаар талийгаач Ц-г түүний найз залуу О.Боргил хөл, гарыг нь хугалж, эсэргүүцэх чадваргүй болсоны дараа цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
О.Боргилыг Эрүүгийн хуулийн 10.1.2.8 "...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг санаатай алах.." гэснийг үндэслэн буруутган тус хэргийг 2019.08.30-ны өдөр шүүх рүү шилжүүлсэн байна. О.Боргилыг цагдан хорьсон хэдий ч ар гэрийнхэн нь танил талаараа хөөцөлдсөөр мөрдөн байцаагчийн хүсэлтээр батлан даалтанд гаргасан байна.